Цаг агаарын мэдээ      Шилэн данс      Ажлын цаг : Даваа - Баасан 8.30 - 17.30
Э-шуудан

info@mongolianre.com

Утас

(+976) 75770002

Бүтээгдэхүүн

Малын Индексжүүлсэн Даатгал


Малын индексжүүлсэн даатгал /МИД/ нь малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл болон гэнэтийн гамшгаас үүдэлтэй ихээхэн хэмжээний хохирлоос урьдчилан сэргийлэх даатгал юм. МИД нь нэг малчны хотонд гарсан хохиролд биш тухайн сумын хэмжээнд гарсан малын хорогдлын хувиар босго үзүүлэлт буюу индекс тогтоож, түүнээс давсан хувиар мал хорогдсон тохиолдолд тухайн сумын малаа даатгуулсан даатгуулагчдад нөхөн төлбөр олгодог. Тиймээс МИД-д малаа даатгуулсан малчид нь зуд болон байгалийн бусад төрлийн давагдашгүй хүчнээс үүдэж сумын хэмжээгээр хохирол амссан тохиолдолд л нөхөн төлбөр авна гэж ойлгох хэрэгтэй. Малчны даатгуулсан малын төрлийн хорогдлын хэмжээ нь сумын нийт тухайн төрлийн мал сүргийн 5 эсвэл 6 давсан тохиолдолд малчинд нөхөн төлбөр олгож эхэлнэ.

 

МИД-ын тухай хуулийн 7 дугаар зүйлд босго үзүүлэлтийг Засгийн газраас тогтооно гэж заасан байдаг. Засгийн газар босго үзүүлэлтийг шинэчлэн тогтоохдоо  нэгдүгээр босго үзүүлэлтийг нэг хувиар, хоёрдугаар босго үзүүлэлтийг тав хүртэлх хувиар нэмэгдүүлж, эсхүл бууруулж болно.
Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 473 дугаар хуралдаанаар 2024-2026 онд мөрдөх Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлтийг шинэчлэн тогтоосон.

Жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд өөрийн харьяалагдах аймаг сумынхаа  Ард даатгал ХК, Бодь даатгал ХК, Монгол даатгал ХК,  Миг даатгал ХХК, Мөнх даатгал ХХК, Практикал даатгал ХХК, Хаан даатгал ХХК-ийн төлөөлөгчид болон Хаан банк болон Төрийн банк очин даатгуулах боломжтой.

МИД-ын 2025 оны борлуулалт 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл оролцогч 7 даатгалын компани болох Ард даатгал ХК, Бодь даатгал ХК, МИГ даатгал ХХК, Монгол даатгал ХК, Мөнх даатгал ХХК , Практикал даатгал ХХК, Хаан даатгал ХХК болон зуучлагч 2 банк болох ХААН банк, Төрийн хамтран зохион байгуулсан.

Дээрх хугацаанд нийт 23,109  малчин өрхийн, 122 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 3.4 сая толгой малыг даатгалд хамруулж, 4,163,560,468.89        төгрөгийн хураамжийг төвлөрүүлсэн байна.

Даатгуулсан малчин өрх нь нийт малчин өрхийн 11.8%-ийг эзэлж байна.

МИД-ын 2024 оны нөхөн төлбөр
МИД-ын 2024 оны борлуулалт МИД-д оролцогч 7 даатгалын компани (Ард даатгал ХК, Бодь даатгал ХК, Миг даатгал ХХК, Монгол даатгал ХК, Мөнх даатгал ХХК, Хаан даатгал ХХК, Практикал даатгал ХХК) болон ХААН банк, Төрийн банктай хамтран 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл хамтран зохион байгуулсан.

Дээрх хугацаанд нийт 21,425 малчин өрхийн 106,587,919,353.15 /нэг зуун зургаан тэрбум таван зуун наян долоон сая есөн зуун арван есөн мянга гурван зуун тавин гурван  төгрөг арван таван мөнгө/ тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 4,387,409 толгой малыг даатгалд хамруулж, 3,728,672,184.97 /гурван тэрбум долоон  зуун хорин найман сая зургаан зуун далан хоёр мянга нэг зуун наян дөрвөн төгрөг ерэн долоон мөнгө/  төгрөгийн хураамжийг төвлөрүүлсэн байна.

 

МИД-ын 2024 онд даатгуулсан малчдад олгох нөхөн төлбөр
МИД-н тухай хуулийн 6.1-д заасны дагуу Үндэсний статистикийн хорооноос 2025 оны хагас жилийн мал тооллогын албан ёсны дүн мэдээг 7 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн. 2025 оны эхний хагаст Монгол Улсын хэмжээнд нийт малын 0.4 хувь буюу 255,179 толгой мал хорогдсон байна.

Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн хагас жилийн мал тооллогын албан ёсны дүн мэдээнд үндэслэн нөхөн төлбөрийн тооцоолол хийхэд Ховд, Архангай, Төв аймгуудын нийт 4 сумын 52 малчин өрх нийт  1,601,547.87  /нэг сая зургаан зуун нэг мянга таван зуун дөчин долоон төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийн нөхөн төлбөр авахаар тооцоологдсон байна.

Босго үзүүлээлт давсан хорогдолтой сум Ховд аймгийн  Мөнххайрхан сум, Цэцэг сум, Архангай аймгийн Хайрхан сум, Төв аймгийн Мөнгөнморьт сум.
Нийт нөхөн төлбөр авах малчин өрх нийт даатгалд хамрагдсан малчин өрхийн 0.2 хувийг эзэлж байна.

 

Бүрэн мэдээллийг энэ файл дээрээс харна уу.