2024-12-16
“Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг түр орлон гүйцэтгэгч Б.Жавхланттай малын индексжүүлсэн даатгал болон давхар даатгалын асуудлаар ярилцлаа.
-Энэ жил Монгол Улсад даатгалын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Мөн давхар даатгалын компани байгуулагдаад 10 жил болжээ. Энэ утгаараа та бүхэнд тэгш ойн баярын мэнд дэвшүүлье. Хоёулаа ярилцлагаа давхар даатгал гэж юу вэ гэдгээс эхэлье?
-Салбарынхандаа ойн баярын мэнд өргөн дэвшүүлье ээ. Давхар даатгалын ойлголтын талаар мэдэж авахын өмнө ер нь даатгал гэж юу вэ гэдэг талаар товчхон мэдээлэл өгсөн нь зөв болов уу. Даатгал гэдэг бол үндсэн дээ эрсдэл шилжүүлэх нэг арга хэрэгсэл гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрт учрах эрсдэлээ бусад руу шилжүүлэх тухай ойлголт юм. Эрсдэл гэдэг бол хүн төрлөхтөн үүссэж, бие болсоноос эхлэлтэй зүйл. Тиймээс эрсдлээс урьдчилан сэргийлэх янз бүрийн аргыг хүн төрлөхтөн хөгжлийнхөө явцад сэтэж, сэтгэж өдийг хүрсэн. Орчин үед хүн төрлөхтөн эрсдлээс хамгаалахын тулд бодож олсон хамгийн зөв систем нь даатгал юм. Даатгалын тогтолцоо бие болсоноос хойш давхар даатгалын асуудал үүсэх нөхцөл бүрдсэн. Юу гэхээр даатгал нь өөрөө хүний эрсдлийг мөн үүрч явж байгаа тогтолцоо. Тэр утгаараа даатгал нь өөрийгөө өмгөөлж, хамгаалах буюу даатгал нь өөрөө эрсдлээ даатгуулах гарц гаргалаагаа хайж ирсэний үндсэн дээр энэхүү давхар даатгалын салбар бие болох нөхцлийг бүрдүүлсэн. Товчхон хэлбэл давхар даатгал гэдэг маань даатгалын даатгал гэж ойлгож болох юм. Ингэхдээ даатгалын компаниудын эрсдлийг хувааж үүрдэг системээр хөгжиж ирсэн.
-Компанийхаа тухай танилцуулбал. Байгуулагдаад 10 гаруй жил болсон гэж байна шүү дээ...?
-Монгол Улсын хувьд даатгалын тогтолцоо 1934 оноос эхлэлтэй. Түүнээс хойш давхар даатгал харилцаа тэр дундаа олон улсын давхар даатгалын зах зээлийн харилцаанд Монгол Улс оролцоод 60 гаруй жил болж байгаа. Харин хамгийн анхны давхар даатгалын компани 2014 онд байгуулагдаж байсан түүхтэй. Компанийн хувьд анх байгуулагдахдаа Хөдөө аж ахуйн давхар даатгал нэртэйгээр байгаад 2019 оноос Үндэсний давхар даатгалын компани болж шинэчлэн зохион байгуулагдан үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.
-Үндэсний давхар даатгалын компанийн үйл ажиллагаа, зорилго, зорилтын тухайд ярихгүй юу?
-Даатгалын салбар бол санхүүгийн салбарын тулгуур гурван баганы нэг гэж тооцогддог шүү дээ. Харамсалтай нь манай улсад яг одоогийн байдлаар банкны салбар нь илүү давамгайлсан байдалтай байгаа. Харин нөгөө хоёр салбар болох даатгал, үнэт цаасны зах зээлийн хөгжил нь арай хожуу түвшинд яваа гэж ойлгож болно. Гэхдээ энэ бол зөвхөн Монгол Улсад тохиож байгаа санхүүгийн салбарын зовлон биш л дээ. Бусад орнуудын хувьд яг ийм маягаар санхүүгийн салбарын хөгжил нь явж ирсэн. Түрүү нь хэлсэн манай улсын хувьд олон улсын давхар даатгалын салбарт оролцогч болоод 60 гаруй жил болж байгаа ч дотоодын давхар даатгалын салбарын хөгжил 2012 оноос эхлэлтэй байдаг. Тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооноос Үндэсний давхар даатгалын тогтолцоог бие болгох зорилтыг салбарын хүрээнд анх гарган ирж тавьсан. Улмаар Засгийн газрын “Алсын хараа 2050” хөгжлийн баримт бичигт Үндэсний давхар даатгалын тогтолцоог бие болгох, гамшгийн эрсдлийн даатгалын үр дүнтэй тогтолцоог бие болгох гэсэн зорилтыг 2030 он хүртэл буюу дунд хугацааны хөтөлбөрт оруулаад явж байна. Үндсэндээ манай компанийн хувьд Засгийн газар болон Монгол Улсын төрөөс баримталж байгаа дунд хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах, Үндэсний давхар даатгалын тогтолцоог бие болгох замаар гадагшаа чиглэж байгаа валютын урсгалыг багасгах, дотоодын даатгалын зах зээлд өөрийн гэсэн хувь нэмэрийг оруулах, цаашлаад бүс нутгийн хэмжээндээ давхар даатгалын оролцогч болж төлөвших зорилгыг манай компани зорилт болгон дэвшүүлэн ажиллаж байна.
-Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог “AM best” агентлагаас танай компанийн зээлжих зэрэглэлийг BB+ гэж дахин тогтоосон байх юм. Энэ чухал үзүүлэлт үү?
-Олон улсын хэмжээнд даатгалын үйл ажиллагаа явуулдаг дэлхийн олон компаниуд энэхүү зээлжих зэрэглэлийн үнэлгээг тогтоолгодог. Ингэснээр мэдээж өөрсдийнхөө санхүүгийн чадавх болоод тогтвортой байдлынхаа төлөвийг зах зээл дээр зарлан мэдээлдэг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө санхүүгийн чадавх болоод мэргэжлийн чадавхын үндсэн үзүүлэлтийг хөндлөнгийн буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний байгууллагуудаар үнэлүүлдэг ийм тогтсон жишигтэй. Энэ утгаараа бид олон улсын зээлжих зэрэглэл тогтоолгох ажлыг 2020 оноос хойш эхлүүлсэн. Улмаар 2023 онд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “АМ best” олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний компаниас урт хугацааны төлөв тогтвортой, зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтвортой буюу BB+ гэсэн үнэлгээг бид авсан. Энэ жилийн тухайд бидний хувьд томоохон сорилттой жил байлаа. Юу гэхээр өнгөрсөн жил болсон цас, зудны гамшгаас үүдсэн хохирол мал аж ахуйн салбарт том хохирлыг учруулсан. Яагаад үүнийг ярьж байна гэхээр энэ бол манай компанийн анх байгуулагдсан түүхтэй холботой. Манай компанийн хувьд Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтарч 2006 оноос хойш хэрэгжүүлсэн малын индексжүүлсэн даатгалын төслийн хүрээнд бие болгосон малын индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүнийг орон даяар даатгалын долоон компанитайгаа нийлээд үйл ажиллагаагаа явуулсан байдаг. Энэ систем нь өөрөө төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурсан. Мөн даатгалын салбарт цорын ганц гэж хэлж болох гамшгийн эрсдлийн даатгал буюу хамтын эрсдлийн сангийн тогтолцоог хэрэгжүүлдэг ийм онцлог бүтээгдэхүүн юм аа. Энэ утгаараа өнгөрсөн жилийн байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдлын араас гарч ирсэн эрсдлийг энэ жил манай компани нөхөн төлсөн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хэмжээнд хамгийн өндөр нөхөн төлбөрийг манай компани энэ жил хийлээ гэсэн үг. Яг ийм том сорилтыг даван туулж чадсан үед өнгөрсөн жил авсан зээлжих зэрэглэлийн үнэлгээгээ хамгаалж авч үлдэж чадсан ийм онцлог жил тохиож байна.
-Саяхан Монгол Улсын зээлжих зэрэглэл өссөн талаар Засгийн газар, Сангийн яамнаас мэдээлсэн. Тэгэхээр танай авч байгаа үнэлгээ улсын зээлжих зэрэглэлтэйгээ мэдээж уялдаатай байна биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Ялангуяа энэхүү зээлжих зэрэглэлийн үнэлгээ бол тухайн улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээтэй шууд холбоотой явдаг зүйл. Юу гэхээр макро эдийн засгийнхаа түвшинд Монгол Улсын зээлжих зэрэглэл олон улсын зах зээл дээр байгаа ерөнхий төлөв байдлын үнэлгээг гаргадаг чухал үзүүлэлт. Манай улсын хувьд энэ жил мөн адил олон улсын зах зээл дээр зээлжих зэрэглэлээ ахиулж “B+” гэсэн үнэлгээтэй болж чадсан. Энэ мэдээж цаашид Монгол Улсын дотоодын эдийн засагт олон улсын хамтын ажиллагаанд эерэгээр нөлөөлөх чухал ололт болсон банк санхүүгийн салбарынхан болоод эдийн засгийн салбарынхан өндрөөр үнэлж байгаа.
-Танай компанийн хувьд олон улсын даатгалын компаниудтай хамтарч ажилладаг уу. Ер нь хамтарч ажилласнаараа ямар давуу талтай вэ. Ач холбогдол нь юу байж болох уу?
-Давхар даатгалын компанийн үйл ажиллагааны гол онцлог бол бидний харилцагч нь даатгалын компаниуд байдаг. Бидний хувьд өнөөдөр үндэсний давхар даатгалын тогтолцоог бэхжүүлэх замаар даатгалын салбарт хувь нэмрээ оруулах үндсэн стартегитэй. Мөн олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ авсаны ач холбогдол нь юу вэ гэхээр олон улсын давхар даатгалын зах зээл дээр давхар даатгагчийн хувиар ажиллах энэ боломж бүрдэх давуу талтай. Энэ үнэлгээг авсаны дараа манай компани руу хандсан хамтран ажиллах хүсэлтүүд олон ирж байна. Тэр дундаа Төв Ази болон Зүүн Өмнөд Азийн даатгалын зах зээлд давхар даатгагчаар оролцох хүсэлт, урилгууд удаа дараалан ирж байна. Яагаад ингэж ирж байгаа нь тодорхой. Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн мөн давхар даатгалын зах зээл дээр манай компанийн зээлжих зэрэглэл нэмэгдсэнтэй шууд холбоотой. Ингэж олон улсын зах зээл дээр Монгол Улсын нэр хүнд нэмэгдэж байгаа нь бидний хувьд зах зээл, үйл ажиллагаа өрөгжүүлэх боломж гэж харж байгаа. Энэ жилийн хувьд манай компани олон улсын давхар даатгалын зөвлөхтэй болсон. Ингэснээр бид олон улсад давхар даатгалын мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад томоохон түлхэц болж өгч байна.
-Энэ жил хамгийн өндөр нөхөн төлбөр олголоо гэж байна. Яг хэдий хэмжээний нөхөн төлбөр олгосон юм бэ? Нөгөөтэйгүүр малчдын хувьд дараа дараагийн эрсдлээс эд хөрөнгөө хамгаалах зорилгоор даатгалын үйлчилгээнд илүү хамрагдах хандлага нь энэ жилийн хувьд нэмэгдсэн үү?
-Манай компанийн анх үүсгэн байгуулагдсан үндсэн зорилго бол Монгол Улсын нийгэмд эдийн засгийн салбарт зонхилох үүрэг гүйцэтгэдэг уламжлалт мал аж ахуйн салбарыг байгаль цаг уурын эрсдлээс хамгаалах гамшгийн эрсдлийн тогтолцоог Монгол Улсад бий болгох чиглэлээр үүсэн байгуулагдсан. Үндсэндээ Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн дагуу үүссэн Төрийн өмчийн хувьцаат компани гэж ойлгож болно. Малын индексжүүлсэн даатгалын тогтолцоо гэдэг бол онцлог ойлголттой. Юу гэхээр индекс буюу босго үзүүлэлтийн ухагдахууныг даатгалын бүтээгдэхүүн дээр авч хэрэгжүүлдэг ойлголт. Монгол Улсын хувьд малын зүй бус хоргодлын түүхэн тоо мэдээлэлийг маш сайн бүрдүүлж чадсан давуу талтай. Энэ утгаараа олон улсын болоод дотоодын мэргэжилтнүүд хамтраад 2006 оноос Дэлхийн банкны хэрэгжүүлсэн малын индексжүүлсэн даатгалын төслийн хүрээнд малын индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүн гарсан. Энэхүү бүтээгдэхүүн гарахдаа босго үзүүлэлтийг 5-6 хувь байхаар тооцоолж гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл нүүдлийн мал аж ахуй зонхилсон манай улсын хувьд тухайн сум орон нутагт 5-6 хувь хүртлэх малын хоргодлыг хэвийн үзүүлэлт гэж үздэг.
-Тэгэхээр 5-6 хувийн хорогдлыг эрсдэл гэж тооцохгүй гэсэн үг үү. Өөрөөр хэлбэл энэхүү эрсдлээ малчид өөрсдөө даван туулах чадамжтай гэж ойлгох уу?
-Яг тийм. Энэ хэмжээний эрсдлийг тухайн сум буюу тухайн орон нутгийн малчид өөрсдөө хүлээгээд, өөрсдөө даагаад явах санхүүгийн болоод бусад нөөц бололцоо хангалттай байдаг гэж ойлгох хэрэгтэй. Харин энэхүү үзүүлэлтээс давчих юм бол үүнийг гамшгийн эрсдэл гэж үздэг. Гамшгийн хэмжээг давчихвал улс орон даяараа бүх нөөц бололцоогоо ашиглах нөхцөл байдал руугаа ордог. Үүнд дан ганц малын хорогдол яригдахгүй. Эрдэнэт хүний амь настай холбоотой ч ойлголт шүү. Энэ утгаараа босго үзүүлэлтээс давсан хэсэгт хохирол гарсан тохиолдолд даатгалын компаниуд хамтраад малчин иргэнд тохиолдсон хохирлыг нөхөн төлдөг. Өөрөөр хэлбэл гамшгийн эрсдлийн хамтын эрсдлийн сан гэж ойлгож болно. Малчдаас цугларсан даатгалын хураамжийн орлого энэ санд төвлөрдөг. Энэ нь даатгалын компаниудын болоод Үндэсний давхар даатгалын компанийн ашиг болж хуваарилагддаггүй. Харин урт хугацааны түвшиндээ санхүүгийн найдвартай эх үүсвэр нөөц бүрдүүлэх зорилготой сан гэж ойлгох хэрэгтэй.
-Хэдий хэмжээний нөхөн төлбөрийг энэ жил олгосон юм бэ?
-Хагас жилийн мал тооллогын дүнгээр Монгол Улс нийтдээ 9.2 сая малын хорогдол явагдаж.
Нөгөөтэйгүүр өнгөрсөн жил малын индексжүүлсэн даатгалд 35 мянган малчин өрх хамрагдсан байна. Үүнээс нийт 22 мянган малчин өрхөд 16.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг Үндэсний давхар даатгалын компани болон дотоодын даатгалын компаниудтайгаа хамтраад өнгөрсөн 10 дугаар сард бүрэн олгож дууслаа.
Ингэснээрээ бидний хувьд гамшгийн эрсдлийн даатгалын тогтолцооныхоо чиг үүргийг хэрэгжүүлж чадсан жил боллоо гэж бодож байна. Танд нэг сонирхолтой тоо баримт хэлье. Сүүлийн таван жилийн тоо баримтаас харахад малчин иргэдээс нийтдээ 19 тэрбум төгрөгийн хураамж цугларч. Эргээд бидний зүгээс сүүлийн таван жилд нийтдээ 24 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна.
Харин сүүлийн хоёр жил буюу 2023, 2024 онд бид нийт 21 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг малчин иргэдэд олгосон байна.
Үүнээс юу харагдаж байна гэхээр байгаль цаг уурын сөрөг нөлөөлөл, энэ байгалийн гамшгийн давтамж жил бүр нэмэгдэж, хугацааны хувьд ойртож байгааг бидэнд харуулж байгаа юм. Тиймээс энэ цаг үед энэхүү гамшгийн эрсдлийн даатгалын тогтолцоо зайлшгүй шаардлагатай гэдгийг ойлгож байгаа байх. Цаашдаа ч энэхүү тогтолцоог илүү бэхжүүлэх, өргөжүүлэх талаас нь анхаарах хэрэгтэй. Ингэхийн тулд мэдээж юуны өмнө Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Тиймээс энэ чиглэлээр Засгийн газар тэр дундаа Сангийн яам дээр дээрх хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг гарсан байгаа.
-Энэ жилийн борлуулалтын үр дүн ямар байв. Даатгалт хамрагдсан малчдын тоо өссөн үү?
-Харамсалтай нь даатгалт хамрагдах малчдын тоо буурсан үзүүлэлт гарч ирсэн. Тодорхой хэлбэл энэ жилийн тухайд 24 мянган малчин өрх даатгалт хамрагдсан байна. Энэ нь өмнөх жилээс бараг 30 орчим хувиар буурсан үзүүлэлт юм.
-Нэмэгдэх байтал яагаад буурсан үзүүлэлт гарч ирэв ээ. Шалтгаан нь юу бол?
-Мэдээж олон талын шалтгаантай. Үндсэн гол шалтгаан бол малчдын амьжиргааны эх үүсвэр болсон малын тоо толгой өнгөрсөн зуднаар нэлээд их хэмжээгээр хорогдсонтой холбоотой. Энэ нь малчдын санхүүгийн чадавхт шууд утгаараа нөлөөлсөн. Уг нөлөөллөөс болоод малын даатгалт хамрагдах малчдын тоог бууруулсан байна. Тэгэхээр цаашид малчдын даатгалд хамрагдах хандлагыг, хүртээмжийг нь нэмэгдүүлэхийн тулд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Тийм ч учраас энэ асуудалд дээр Засгийн газар, Сангийн яам ажиллаж байна.
-Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж байна. Сангийн яам ч энэхүү хуулийн төсөл дээр ажиллаж байгаа юм. Яг ямар байдлаар өөрчлөлт хийгдэхээр байгаа вэ?
-Уг хуульд өөрчлөлт оруулах зарчмын хоёр гол шийдлийг бидний хувьд гарган тавьж байгаа. Гэхдээ энэхүү шийдэл бол зөвхөн нэг компани эсвэл нэг төрийн байгууллагаас гаргасан шийдэл биш шүү. Олон нийт, малчид, орон нутгийн удирдлагуудын зүгээс ирүүлсэн санал, шийдэл гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр иргэдийн зүгээс юу хүсэж байна вэ гэхээр нэгдүгээрт, босго үзүүлэлтийн хувийг бууруулж өгөхийг шаардсан. Яагаад босго үзүүлэлтийг бууруулах хүсэлт тавьж байна гэхээр хэд хэдэн шалтгаантай. Хуульд байгаа босго үзүүлэлт бол 5-6 хувь шүү дээ. Тэгэхээр хуулийн өөрчлөлтөөр энэхүү босго үзүүлэлтийн хувь хэмжээг аль болох уян хатан болгож өгөөч гэдэг хүсэлтийг иргэдийн зүгээс тавьдаг. Зах зээл талаасаа ч уг босго үзүүлэлтийг уян хатан болгох зайлшгүй нөхцөл байдал бий болсон. Тэгэхээр зургаа гэсэн хатуу босго үзүүлэлтийг бид хуулиас авч хаях хэрэгтэй. Оронд нь сум, орон нутагт босго үзүүлэлт тогтоох эрхийг нь Засгийн газарт олгох хуулийн өөрчлөлтийг оруулах шаардлагатай юм. Хоёр дахь зарчимын өөрчлөлт нь юу вэ гэхээр Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулиар нөхөн төлбөрийг жилд нэг удаа олгодог. Тодорхой хэлбэл нөхөн төлбөрийг 10 дугаар сард олгож байна. Тэгэхээр яагаад 10 дугаар сард олгогдож байгаа вэ гэдэг асуулт гарч ирнэ, тийм үү. Өөрөөр хэлбэл өнгөрсөн өвлийн зудын эрсдлийн нөхөн төлбөр дараа жилийн өвлийн бэлтгэл хангах үеэр олгогдож байна. Яагаад 10 сард олгогддог гэхээр үндсэндээ хагас жилийн малын тооллогын дүн гарч тэр нь даатгалын компаниуд дээр нэгтгэгдээд түүний дараа Хамтын эрсдлийн сан болон Давхар даатгалын нөөц сангаас нөхөн төлбөр олгогдох процесс үргэлжилсээр 10 дугаар сард энэхүү төлбөр олгогддог. Энэхүү процессийн үргэлжлэл явагдсаар ирэх жилийн намар нь нөхөн төлбөр олгогддог гэсэн үг.
-Тэгэхээр малчдын хувьд эрсдэл үүссэн тухайн цаг үедээ нөхөн төлбөрөө авдаг байх хүсэлтийг тавьж байгаа гэсэн үг үү?
-Тийм. Манай компанийн хувьд өнгөрсөн жилийн хүнд үед орон нутгаар явж ажилласан. Ингэхдээ нөхцөл байдал нь хүндэрсэн малчдад буцалтгүй тусламж хэлбэрээр ажлуудыг хийсэн. Энэ үеэр малчин иргэдийн зүгээс бидэнд хүсэлт тавьж байсан л даа. Монголчууд хэлдэг дээ тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвтэж явахад тэвэнгээр тусла гэж. Үүнтэй адилхан малчдын хувьд даатгалд хамрагдсан. Яг эрсдэл бий болоход бидэнд таван литрийн түлшний мөнгө ч алга байна. Үүнийг буюу яг эрсдэл тулгарсан үед даатгалын компаниасаа нөхөн төлбөрөө авдаг асуудлыг шийдэх боломж байна уу гэсэн хүсэлтийг их тавьсан. Тиймээс бидний хувьд малчдынхаа хүсэлтийн дагуу Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд урьдчилсан нөхөн төлбөр олгох зохицуулалтыг оруулах нь зөв гэж үзсэн. Өөрөөр хэлбэл яг тухайн сум орон нутагт байгаль цаг уурын онцгой нөхцөл байдал үүсээд хохирлынх нь босго үзүүлэлт давчихсан тохиолдолд Хамтын эрсдлийн сангаас нэг удаа нөхөн төлбөрийг урьдчилж олгоё. Энэ хууль эрх зүйн боломжийг нь бүрдүүлье гэдэг байдлаар уг саналаа хүргүүлсэн. Ингээд дээрх хоёр санал хуульд тусгагдаад хэрэгжээд явбал даатгалын хүртээмж нэмэгдэнэ. Хамгийн гол нь даатгуулсан малчин өрх яг тухайн цаг үедээ хэрэгцээ шаардлагаа хангах санхүүгийн эх үүсвэрийн тодорхой хувийг даатгалын компаниуд бүрдүүлэх боломж гарч ирж байгаа юм аа. Мөн иргэдийн хувьд даатгалын ач холбогдлыг илүү сайн ойлгодог болно.
Э.МӨНХТҮВШИН
Эх сурвалж: mass.mn
Алсын хараа
Бид
Хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэн, ашигт ажиллагааг дээдлэгч,
Төв Азийн тэргүүлэх давхар даатгагчдын нэг,
Мэргэшлийн дээд түвшний стандартыг тогтоогч,
Монгол Улсын давхар даатгалын жишиг компани,
Мэргэжлийн хөрөнгө оруулагч болно.