Шилэн данс      Ажлын цаг : Даваа - Баасан 8.30 - 17.30
Бүтээгдэхүүн

Малын Индексжүүлсэн Даатгал

Малын индексжүүлсэн даатгал /МИД/ гэдэг нь малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл болон гэнэтийн гамшгаас үүдэлтэй ихээхэн хэмжээний хохирлоос урьдчилан сэргийлэх Засгийн газрын баталгаа юм. МИД нь нэг малчны хотонд гарсан хохиролд биш нийт сумын малын төрөл тус бүрийн хорогдлоос хувь тооцож нөхөн төлбөр олгодог онцлогтой даатгал юм. Тиймээс МИД-д малаа даатгуулсан малчид нь зуд болон байгалийн бусад төрлийн давагдашгүй хүчнээс үүдэж сумын хэмжээгээр хохирол амссан тохиолдолд л нөхөн төлбөр авна гэж ойлгох хэрэгтэй. Малчны даатгуулсан малын төрлийн хорогдлын хэмжээ нь сумын нийт тухайн төрлийн мал сүргийн 5 эсвэл 6 хувийг (аймаг тус бүрт Засгийн газраас тогтоосон малын хорогдлын босго хувь) давсан тохиолдолд малчинд нөхөн төлбөр олгож эхэлнэ.

МИД-ын борлуулалт хийх хугацаа буюу малчид малаа даатгуулах боломжит хугацаа нь 1 сарын 01-ээс 6 сарын 30 юм. Дурдсан хугацаанаас бусад саруудад даатгалын компаниуд нь малын даатгалаар гэрээ байгуулахгүй, борлуулалт хийхгүй.

Малчид, мал бүхий иргэд нь малаа өөрийн харьяалагдах аймаг сумынхаа аль ч даатгалын компанийн төлөөлөгч /Ард даатгал ХК, Бодь даатгал ХХК, Монгол даатгал ХК, Монре даатгал ХХК, Миг даатгал ХХК, Мөнх даатгал ХХК, Номин даатгал ХХК, Практикал даатгал ХХК, Тэнгэр даатгал ХХК, Хаан даатгал ХХК/ болон зуучлагч банкны салбарт /Хаан банк, Төрийн банк/ очин даатгуулах боломжтой.

Мөн малчид та бүхэн даатгалын компанийн төлөөлөгч болон, зуучлагч банкаар дамжуулан малаа даатгуулснаар Хаан банк болон Төрийн банкнаас малчны зээлийн хүүгийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

Үндэсний давхар даатгал ХК-ийн зургаа дахь жилийн борлуулалт, МИД-ын арван тав дахь борлуулалтын улирал 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 21 аймгийн нийт 336 суманд эхэлснээс хойш 2020 оны 6 дугаар сарын сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд оролцогч даатгагчид болох Ард даатгал ХК, Бодь даатгал ХК, Монгол даатгал ХК, Монре даатгал ХХК, Мөнх даатгал ХХК, МИГ даатгал ХХК, Номин даатгал ХХК, Практикал даатгал ХХК, Тэнгэр даатгал ХХК, Хаан даатгал ХХК компаниуд оролцон нийт 28,527 малчинтай МИД-ын гэрээг байгуулж, 3.48 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлсэн ба Төрийн болон Хаан банкууд даатгалын зуучлалын үйлчилгээ үзүүллээ. Даатгуулсан малчин өрх нь нийт малчин өрхийн 16.62 хувийг эзэлж байна.

Аймгийн малчин өрхөд МИД-д даатгуулсан малчин өрхийн эзлэх хувь /2020 он/:

Даатгуулсан малчин өрх нь нийт малчин өрхийн 16.62 хувийг эзлэж байгаа бөгөөд өнгөрсөн оноос 2.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Ховд аймгийн Жаргалант сумын малчин Сүх 18 адуугаа МИД-д даатгуулахаар даатгалын төлөөлөгчтэй уулзаж, гэрээгээ байгуулахаар шийджээ.

Ховд аймгийн нэгж адууны үнэ 650 000 төгрөг, Түнэл сумын адууны хураамжийн хувь нь 1.45% байна. Эхлээд малчин Сүхийн адууны нийт үнэлгээг тодорхойлон гаргаж, малчин Сүхээс авах хураамжийг тодорхойлъё.

Нийт малын үнэлгээ:18 х 650 000₮=11 700 000₮

Малчин Сүх адуугаа 100%-аар үнэлэн даатгуулсан гэвэл:

Даатгалын хураамж:11 700 000₮ х 1.45% = 169 650₮

Хэрэв малчин Сүхэд 169 650 төгрөг бэлнээр байхгүй байвал адууныхаа үнэлгээг доош нь бууруулж болно. Малчин Сүх 11 700 000 төгрөгний дээд үнэлгээтэй адуугаа 8 000 000 төгрөгөөр үнэлэн даатгуулсан гэвэл хураамжийн хувийг тооцоолъё.

Малчин Сүхийн төлөх хураамж: 8 000 000₮ х 1.45% = 116 000₮

төлж адуугаа даатгуулж болно. Тухайн төрлийн малынхаа үнэлгээг аль болох зах зээлийн ханшаар даатгуулж заншихыг анхаарах хэрэгтэй.

Одоо эргээд авах нөхөн төлбөрийг тооцъё. 2020 оны хагас жилийн мал тооллогоор Жаргалант сумын адуу 15% хорогдсон гэж үзвэл малчин Сүхийн авах ёстой нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлъё.

Нөхөн төлбөр олгох хувь: 15% - 5% = 10%

Малчин Сүхийн авах нөхөн төлбөр: 10% х 8 000 000 = 800 000₮

Харин 100%-аар үнэлэн даатгуулсан бол

Нөхөн төлбөр: 10% х 11 700 000 = 1 170 000₮

- ийг авна.Хэрвээ сумын хорогдол адуун сүргийн хувьд 5% гарвал малчин Сүх нөхөн төлбөр авахгүй болохыг анхаарна уу.

Он
Монгол хэл дээр
English
2018
2017
2016
2015
2014
2013
2012
2011
2010
2009
2008
2007
2006

2018 онд малаа даатгуулсан 33,718 малчин өрхөөс 10 аймгийн 31 сум, Улаанбаатар хотын Багахангай дүүргийн нийт 3005 малчин өрхөд 323,307,512.12 төгрөгийн нөхөн төлбөрийг олгоод байна. Үндэсний статистикийн хорооны хагас жилийн мал тооллогоор Монгол улсын хэмжээнд II-р босго үзүүлэлт давсан хорогдол гараагүй учир нөхөн төлбөрт олгох нийт 323,307,512.12 төгрөгийг Хамтын эрсдэлийн сангаас олголоо